ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🧑‍🎓👏

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагаас төгсөлтийн арга хэмжээг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан төлөвлөгөөний дагуу 2023 онд нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийн 6-12 дугаар ангид 31 хүмүүжигч суралцсанаас 9 дүгээр ангийг 4, 12 дугаар ангийг 5 хүүхэд төгссөн.

Уг арга хэмжээнд сурагчдын гэр бүлийнхэн, Монголын хуульчдын холбоо, Кристина Ноблийн Хүүхдийн сан, Ханнс-Зайделийн сан зэрэг хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр хамтран ажилладаг олон улсын байгууллага, төрийн болон төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож, төгсөгчдөд амжилт хүслээ.

Энэ үеэр хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлан суралцсан 12 дугаар ангийн төгсөгч Г.А Монголын сурагчдын холбооны “Шилдэг сурагч” шагнал, Э.Б-д 110 дугаар сургуулийн захирлын Өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын хамт олон уран бүтээлийн дээжээ өргөн барьснаас гадна уламжлалт бий биелгээг заасан нь хүмүүжигчид болон ирсэн зочдыг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Мөн Монголын хуульчдын холбооноос хүмүүжигчид болон тэдний ар гэрийнхэнд хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.

Тус сургууль 2017 оноос хойш 19 хүмүүжигчийг элсэлтийн ерөнхий шалгалт өгүүлж, 14 хүмүүжигч улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байна.  

Add comment

reload, if the code cannot be seen